Хөлийн судас бүдүүрэх өвчин, шамбарамаас урьдчилан сэргийлэх дасгал
Дасгал хийвэл таны судсанд тустай
Дасгал нь цусны эргэлтийг сайжруулж, судсанд сайн нөлөөтэй. Явган явах, хол газар алхах, усанд сэлэх, дугуй унах зэрэг нь бүгд хөлийн булчингийн агших үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Хэрэв та удаан цагаар суугаа ажил хийдэг бол үе, үе босож хөдлөн, судсанд хэрэгтэй дараах дасгалуудыг хэд хэдэн удаа хийвэл зохино. Үүнд:
Нэгдүгээр дасгал
Нуруугаа цэх байлган, хоёр хөлөө нийлүүлж, 90° өнцөг үүсгэн сандал дээр ирмэгдүүлж суу. Хоёр хөлөө өлмий дээрээ зэрэг өргөж, тавхайгаараа газар огцом хавтгай гишгэ. Уг дасгалыг 20 удаа давтаж хий.

Хоёрдугаар дасгал
1-р дасгалыг хийх үед суусан шигээ сандал дээр суу. Хоёр хөлийнхөө өлмийг ээлжлэн дээшээ өргө. Энэ дасгалыг баруун, зүүн хөл дээр тус бүр 10, 10 удаа хий.

Гуравдугаар дасгал
1-р дасгалыг хийх үед суусан шигээ сандал дээр суу. Эхлээд баруун хөлийнхөө өсгийг, дараа нь зүүн хөлийнхөө өсгийг өргөж, хоёр хөлийнхөө өлмийгөөр газар гишгэ. Дараа нь хоёр хөлийнхөө өлмийг дээш өргөн өсгийгөө газар хүргэ. Дасгалаа баруун, зүүн хөл дээр тус бүр 10, 10 удаа хий.

Дөрөвдүгээр дасгал
1-р дасгалыг хийх үед суусан шигээ сандал дээр суу, гэхдээ сандалын голд суу. Дугуй унаж байгаа мэт хөдөлгөөн хий. Дасгалаа 20 удаа давтаж хий.

Тавдугаар дасгал
Сандлынхаа түшлэгийг налж, хойшоогоо гүйцэт суу. Сандлынхаа түшлэгийг хоёр гараараа сайн барь. Хоёр хөлөө дээш өргөн газраас хөндийрүүл. Хөлөө энэ байрлалд хэдэн хором байлгаж, хөлөө аажим доошлуулан газардуул. Дасгалаа 10 удаа давтаж хий.

Зургаадугаар дасгал
5-р дасгалыг хийх үед суусан шигээ сандал дээр сууж, сандлынхаа түшлэгийг хоёр гараараа сайн барь. Хоёр хөлөө эгцээрээ дээш өргөн аажим доошлуул. Дасгалаа 10 удаа давтаж хий.

Долоодугаар дасгал
5-р дасгалыг хийх үед суусан шигээ сандал дээр суу. Нэг хөлөө дээш өргөн нар зөв 10 удаа, нар буруу 10 удаа тойрог хөдөлгөөн хийн эргүүл. Нөгөө хөлөөрөө дасгалаа давтаж хий.
